Ой ба НҮБУАӨСК

Хөгжиж буй орнуудын ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын асуудал 2000-аад оны дунд үеэс анхаарал татаж эхэлсэн.  2005-2010 оны үед хөгжиж буй орнуудын ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийг хамарсан механизмыг бий болгох тухай санал гарч, НҮБУАӨСК-ийн хүрээнд санал солилцож, хэлэлцэж ирсэн байдаг. 

2005 оны ТБХ-ын 11-р дүгээр хурлын үеэр Коста рика, Папуа Шинэ Гвинейн засгийн газруудаас уур амьсгалын хэлэлцээрийн хөтөлбөрт ойн хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай хүчин чармайлтыг агуулсан саналыг өргөн барьжээ. Мөн энэ хурлаар чухал нэршлүүд, үг хэллэгүүдийн тодорхойлолтыг хэлэлцэн баталсан байдаг . Үүнээс хоёр жилийн дараа, НҮБУАӨСК-ийн ТБХ-ын 13-р хурлаар Бали-гийн үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг бүрэлдэхүүн болгон хөгжиж буй орнуудын ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ой хамгаалал, ойн тогтвортой менежмент, ойн нүүрстөрөгчийн хуримтлал, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урамшуулал, бодлогын асуудлыг тусгасан санаачилга буюу REDD+ механизмыг НҮБУАӨСК-ийн хүрээнд албан ёсны хэлэлцээрийг эхлүүлсэн.

Улмаар удаах хэлэлцээрүүд амжилттай явагдсанаар даян дэлхийн хэмжээний REDD+ийн боломжийн механизм, бүтцийг бий болгосон олон тооны шийдвэрүүдийг НҮБУАӨСК-оос гаргасан байдаг. ингээд 2009 оны Копенгагений хэлэлцээрээр REDD+ механизмыг байгуулахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ олон улс орнууд амласан. НҮБУАӨСК-ийн ТБХ-ын 2010 оны Канкуны хэлэлцээр, 2011 оны Үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай Дурбаны Платформ, 2012 оны Дохагийн Уур амьсгалын гарц, 2013 оны Варшавын тунхаг зэргээр REDD+ийн дүрмийг боловсруулж, аргазүйн удирдамжийг бий болгосон. REDD+ийн аргазүйн удирдамжийг 2015 оны 6-р сард боловсруулан дуусгаж, 2015 онд Парис хотноо болсон ТБХ-аар нэмж 3 шийдвэрийг хэлэлцүүлэн шийдвэрлэсэн байдаг. 

Канкун хотноо болсон ТБХ-ын 16 дугаар хурлын 1-р шийдвэр нь REDD+ийг хэрэгжүүлэх, үр дүнд суурилсан урамшуулал эсвэл үр дүнд суурилсан санхүүжилтийг хүртэхийн тулд улс орнууд дараах бүрэлдэхүүнийг бий болгож, хэрэгжүүлсэн байх нөхцөлийг шаардсан байдаг. Эдгээрийг цуврал гарын авлага бүрд нарийвчлан тайлбарласан болно. Үүнд:

  • Үндэсний Стратеги (ҮС) болон Үйл ажиллагааны төлөвлөгөө (ҮАТ) (Гарын авлага 4);
  • Хэмжилт, Тайлагналт, Баталгаажуулалт (ХТБ)-ыг агуулсан Үндэсний Ойн Мониторингийн Систем (ҮОМС) (Гарын авлага 5);
  • Ойн суурь түвшин (ОСТ) (Гарын авлага 6).
  • Сөрөг нөлөөллөөс урьдчилgн сэргийлэх зарчим (Гарын авлага 8);
Image module
Дэлгэрэнгүйг