ТА БҮХНИЙ ТҮМЭН АМГАЛАНГ АЙЛТГАЯ.

   Газар ашиглалтын өөрчлөлт болон ойн аж ахуйн үйл ажиллагаанаас их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байдаг. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Оролцогч талуудын бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг ойжуулалтын аргаар бууруулах механизмыг баталж, “Хөгжиж байгаа орнууд дахь ойн хомсдол, доройтлоос үүдсэн хүлэмжийн хийг бууруулах бодлогын аргачлал, урамшуулал нь тэдгээр орон дахь ой хамгаалал, ойн тогтвортой менежментийг хөгжүүлж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой” хэмээн томъёолсон нь “REDD+” хэмээн нэршсэн билээ. UN-REDD хөтөлбөр нь Африк, Ази, Латин Америк, Карибын тэнгисийн 64 түнш оронд хэрэгжиж байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүсийн 19 орон багтаж байна. Монгол улс нь тус хөтөлбөрөөс үндэсний хөтөлбөртөө санхүүжилт авсан умардын ой бүхий анхны орон болж байгаа онцлогтой бөгөөд дэлхий даяар 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах Парисын гэрээ байгуулагдсан түүхэн цаг үед UN REDD хөтөлбөр чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Монгол Улсын хувьд 2011 онд UN-REDD Хөтөлбөрийн түнш орон болж, улмаар REDD+-д бэлтгэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үндэсний REDD+ -д бэлтгэх төлөвлөгөөг үндсэн 6 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр боловсруулж, 2014 онд БОНХАЖ-ын сайд баталсан билээ. Манай улс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ойн хомсдол, доройтлын түвшинг үндэсний хэмжээнд бууруулах, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлж хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, түүнийг хэмжиж баталгаажуулах, улмаар хүлэмжийн хийг багасгасан үр дүнгээр санхүүгийн урамшуулал хүртэх үндэсний чадавхийг бүрдүүлэх юм. Монгол улсын ойн сан бүхий газар 18321.3 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11,7% хувийг эзэлдэг бөгөөд ойн нийт нөөц 1316,3 сая.м3 бөгөөд ойн сангийн нийт талбайн 82,8 хувийг хамгаалалтын бүсэд үлдсэн хувь нь ашиглалтын бүсэд хамаарч байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд холбогдох талуудын оролцоотойгоор үндэсний хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдсан REDD+ийн Үндэсний Стратеги боловсруулан ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг тодорхойлно. Түүнчлэн ойн мониторингийн системийг сайжруулах, улмаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн хяналтын түвшинг тодорхойлох, REDD+ ийг хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг тодорхой болгох зэрэг арга хэмжээг төлөвлөж байна. Ингэхдээ тус хөтөлбөрийн зарчмыг тогтвортой хадгалах үүднээс иргэний нийгмийн оролцоог хангах, холбогдох салбаруудын бодлого стратегитэй уялдуулах, үр дүнтэй зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чиглэнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • 01: Үндэсний REDD+ Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт бүрдэж, менежментийн бүтэц бий болно
  • 02: Үндэсний REDD+ Стратеги боловсруулна.
  • 03: Ойн хүлэмжийн хийн ялгарлын хяналтын түвшин болон ойн хяналтын түвшинг боловсруулсан байна.
  • 04: Үндэсний ойн мониторингийн систем, сөрөг нөлөөллөөс хамгаалах мэдээллийн системийг бий болгох үр дүнд хүрэхээр зорьж ажиллана.

Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт тулгуурласан Ногоон хөгжлийн бодлогоо 2014 онд батлан хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлсон энэхүү өндөр ач холбогдолтой баримт бичгийг бодит амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, үлгэрлэн манлайлах хүндтэй, хариуцлагатай үүрэг бидэнд ноогдож байна. Байгалийн унаган төрхөө хадгалсан, арвин их нөөц баялагтай, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл, уламжлал бүхий ард иргэдтэй манай орны хувьд тогтвортой хөгжилд хүрэх боломж дүүрэн байна гэж бид харж байна.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.