Уур амьсгалын өөрчлөлт нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний хүлэмжийн хий агаар мандалд ялгарсны үр дагавар байдаг. Хүлэмжийн хий нарны энергийг дулааны хэлбэрээр шингээн барьдаг ба тэр дулаан нь агаар мандалд халалт үүсгэж, дэлхий дахины уур амьсгалыг өөрчилдөг. Хамгийн гол хүлэмжийн хийн нэг нь нүүрс хүчил (CO2) юм.  Мод, ургамлууд голчлон нүүрс төрөгчөөс бүрддэг тул ой модыг сүйтгэхэд нүүрс төрөгч нь нүүрс хүчлийн хийн хэлбэрээр агаар мандалд ялгардаг. Нөгөөтээгүүр, хэвийн ургаж байгаа эрүүл ой нүүрс хүчлийн хий буюу нүүрс төрөгчийн давхар ислийг шингээж, дэлхийн дулаарал явагдах нөлөөллийг сааруулдаг. Ой модыг хамгаалж, тогтвортой удирдлага хэрэгжүүлснээр агаар мандалд нүүрс хүчлийн хий ялгарахыг багасгаж, мөн агаар мандал дахь нүүрс хүчлийн хийн түвшнийг бууруулна.

Ой нь нүүрс төрөгч шингээх үүрэгтэйн зэрэгцээ олон дагалт бүтээгдэхүүн, экосистемийн үйлчилгээний эх үүсвэр болдог. Үүнд усыг зохицуулах, хөрс хамгаалах, уур амьсгалыг тохируулах, биологийн олон янз байдлыг хамгаалахын сацуу модон ба модон бус бүтээгдэхүүн, түүний дотор эслэгээр хангадаг. Зөвхөн ойн нөөцийг хамгаалах, тогтвортой удирдлагыг хэрэгжүүлэх замаар л ойн экосистемийн үйлчилгээ, нийгэм эдийн засгийн үр ашгийг зохистой хадгална.

  • Ой нь усны урсгал дагуух хүн ам, үйлдвэрлэлд чухал ач холбогдол бүхий усны хагалбаруудыг зохицуулдаг. Жишээ нь Улаанбаатарыг хангадаг Туул гол
  • Монгол Улсад 11000 ой ашиглагчдын бүлэг ажиллаж, хамгаалж буй ойгоосоо түлээ, модон ба модон бус бүтээгдэхүүн ашиглаж байна
  • Ой газрын доройтол, цөлжилтийг тэсвэрлэх чадавхаар хангадаг
  • Монголын ойн экосистемүүд чухал төрөл зүйл, биологийн олон янз байдлыг дэмждэг ба Богд Хан Уул дэлхийн хамгийн эртний дархлагдсан газар юм

Ойн ландшафт нь эко жуулчлалд чухал үүрэгтэй, жишээ нь Хөвсгөл нуур

НҮБУАӨСК буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай суурь конвенц нь 1992 онд анх батлагдсан олон улсын гэрээ бөгөөд Монгол Улс болон дэлхийн бараг бүх улс элссэн билээ. Тус Конвенцийн чуулга уулзалтаар улс орнууд дэлхийн хамтын нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, үр дагаварт нь зохицоход шаардлагатай гэрээ хэлэлцээрүүдийг хэлэлцдэг. Энэхүү Конвенц хөгжиж байгаа орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь удирдамж, дэмжлэгээр хангадаг. REDD+ хөтөлбөрийн дагуу улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэд хэдэн бага хурлын шийдвэр, мөрдлөг болгох баримт бичигт тодорхойлсон дөрвөн гол бүрэлдэхүүн хэсгийг бүрдүүлэх шаардлагатай (Асуулт 6).

Эдгээр нь Ойн хомсдол, ойн доройтолд хүргэдэг үйл явц, оролцогчид юм. Тэдгээр үйл явцыг шууд шалтгаан, дам шалтгаан гэж ялгаж болно. Шууд шалтгааны жишээнд ойн түймэр, шавжийн дэгдэлт, хулгайн мод бэлтгэл багтана. Дам шалтгааны жишээнд ядуурал, боловсролын доройтол, зах зээлийн хүч, түүхий эдийн үнэ, сөрөг үр дагавартай бодлого гэх зэргийг нэрлэж болно. Уур амьсгалын өөрчлөлт ч бас ойд нөлөөлж, гал түймэрт өртөмхий болгохын зэрэгцээ шавж, мөнх цэвдэг хайлах зэрэг нь ойг улам бүр эмзэг болгож байна.

Монгол оронд Ойн хомсдол, ойн доройтлын зонхилох хүчин зүйлс нь

  • Түймэр
  • Шавжийн дэгдэлт,
  • Ойн удирдлагын хомсдол,
  • Хулгайн мод бэлтгэл юм.

REDD+ хөтөлбөрийн бэлтгэл нь улс орон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай конвенцийн хүрээнд REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай чадавх, үйл ажиллагааны тогтолцоо бүрдүүлж, хөгжүүлэх чиглэлд ажиллахыг хэлнэ. Хоёр талын болон НҮБ-ын REDD+ хөтөлбөр гэх зэрэг олон талын санаачилгаар дамжин улс орны REDD+ хөтөлбөрийн бэлтгэлд дэмжлэг үзүүлдэг. Үүнд санхүүгийн болон техникийн туслалцаа багтах ба Конвенцийн хэлэлцээрээр тодорхойлсон дөрвөн бүрдэл хэсгийг улс оронд бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:

  1. Үндэсний REDD+ стратеги
  2. Үндэсний ойн хүлэмжийн хий ялгаруулалтын хяналтын түвшин буюу ойн хяналтын түвшин
  3. Үндэсний ойн мониторингийн тогтолцоо
  4. Урьдчилан сэргийллийн мэдээллийн тогтолцоо.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай конвенц 2010 онд REDD+ үйл ажиллагааг үечилсэн байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Нэгдүгээр үе шатанд, үндэсний стратеги (үйл ажиллагааны төлөвлөгөө) боловсруулах ба холбогдох үйл ажиллагаануудыг тодорхойлж, чадавх бэхжүүлнэ. Хоёр дахь үед үндэсний стратеги буюу үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд үндэсний бодлого, арга хэмжээг туршин хэрэгжүүлэх, мөн чадавхыг цаашид үргэлжлүүлэн бэхжүүлж, үзүүлэн сургалтууд зохион байгуулна. Хоёр дахь үе нь төлөвлөгөөт REDD+ үйл ажиллагаануудыг өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн өмнө хянан үзэх, засварлах боломж юм. Гурав дахь үе шатаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах REDD+ үйл ажиллагааг үндэсний хэмжээнд бүрэн хэрэгжүүлж, ялгарлын түвшнийг хэмжин гүйцэтгэлийг үнэлж, мэдээлж, тухайн улс орон олон улсын хамтын нийгэмлэгээс төлбөр авах нөхцөл бүрдсэн эсэхийг тодорхойлно.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай конвенцийн шийдвэр гэдэг нь үндэсний засгийн газрууд REDD+ хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ гэсэн үг. Зөвхөн үндэсний хүчин чармайлтаар л дэлхийн хэмжээнд нөлөөлөхүйц түвшинд хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах боломжтой байдаг учраас энэ нь чухал шийдвэр юм. Үйл ажиллагаа нь ойд нөлөөлдөг бүх оролцогч талын хамтарсан чармайлтаар л REDD+ хөтөлбөр амжилтад хүрнэ. Улс орнуудаас хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэрхэн бууруулахыг тусгасан үндэсний REDD+ стратеги боловсруулахыг шаарддаг. Эдгээр стратеги нь хүлэмжийн хийг бууруулах бодлого, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хариуцах эздийг тодорхойлсон байх ёстой.

Монгол Улсад REDD+ хөтөлбөр Байгал Орчин Аялал Жуулчлалын Яамны зохицуулалт, НҮБ-ын REDD хөтөлбөр, Хүнс ХАА-н Байгууллагын Дэлхийн Байгаль Орчны Хөтөлбөр, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, бусад хандивлагч байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж байна. Тус хөтөлбөрт бусад яамдыг оролцуулах хэрэгтэй тул техникийн хоёр ажлын хэсэг, иргэний нийгмийн форум байгуулсан билээ.

REDD+ хөтөлбөр бүх гурван үе шатыг хэрэгжүүлэх хэд хэдэн эх үүсвэр байж болно:

(1) REDD+ хөтөлбөрт бэлтгэх,
(2) Туршин хэрэгжүүлэх
(3) REDD+ хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх.

Улс орнууд нэг, хоёрдугаар үеийг хэрэгжүүлэхдээ “хөрөнгө оруулалтын санхүүжилтийг” дайчилж чадавх бэхжүүлэх, бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах, агаар дахь хүлэмжийн хийг багасгах шаардлагатай.

REDD+ хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын санхүү нь хэд хэдэн эх үүсвэрээс гарч болно. Үүнд:

  • Улсын төсөв – Зарим REDD+ үйл ажиллагааг эдүгээ хэрэгжүүлж эхэлсэн ба санхүүжилт нь юуны өмнө Монгол Улсын өөрийн хувь нэмэр байх болно. Үүний дээр REDD+ хөтөлбөрийн стратеги, чадавх бэхжүүлэх ажиллагаагаар санхүүжилтийг илүү үр ашигтай зарцуулах арга хэрэгслийг тодорхойлох, эсвэл нэмэлт санхүү шаардахгүйгээр ойн удирдлагыг сайжруулах бодлогын арга хэмжээ нэвтрүүлж болох юм. REDD+ хөтөлбөр тогтвортой санхүүжилт, экосистемийн үйлчилгээний төлбөрийг анхаарч үзнэ.
  • Хувийн хэвшил – хувийн хэвшил ногоон хөрөнгө оруулалтын чухал үүсвэрийн хувьд ойн тогтвортой менежмент, тогтвортой ХАА-н хөрөнгө оруулалт, хөдөө дэх ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой.
  • Хандивлагчид–НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцээс саяхан байгуулсан Ногоон Уур Амьсгалын Сан (GCF) гэх зэрэг санхүүжилтийн шинэ механизмууд REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын чухал үүсвэр болно гэж үзэж байна.

REDD+ хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх гуравдугаар үе шатнаас Ногоон Уур Амьсгалын Сан, бусад механизмаар дамжин өндөр хөгжилтэй орнуудаас “үр дүнд суурилсан төлбөр” хийгдэх учиртай. Тэдгээр өндөр хөгжилтэй орнууд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах өөрийн зорилтот түвшнийг хангахдаа хөгжиж байгаа орнууд дахь REDD+ хөтөлбөрийн үр дүнд хүлэмжийн хий буурахыг ашиглах хүсэлтэй байна. Зах зээлд суурилсан аргачлал, хувийн хэвшлийн санхүүжилт  ч бас хэрэг болох боломжтой.

Ойн хяналтын түвшин (заримдаа ойн хүлэмжийн хий ялгаралтын хяналтын түвшин гэдэг) нь улс орон REDD+ хөтөлбөрийн үйл ажиллагааны явцад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байгаа ахицыг үнэлэх жишиг, баримжаа юм. Ойн хяналтын түвшин нь хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ огт авахгүй байх тохиолдолд ирээдүйд хүлэмжийн хийн ялгаралт ямар түвшинд хүрэхийг тооцоолсон хэмжээ бөгөөд хүлэмжийн хийн түүхэн түвшнийг үндэслэн гаргадаг, үүндээ ихэвчлэн өмнөх арван жилийг авч, дунджийг гаргах, эсвэл чиг хандлагыг нь загварчлах арга хэрэглэдэг. Тухайн улсад хүлэмжийн хий ялгарлыг бууруулж байгаа ахицыг тодорхойлохдоо (хүлэмжийн хий ялгарч буй хэмжээнээс шингээлтийн хэмжээг хасах) тухайн үеийн хүлэмжийн хийн ялгаралтын түвшнийг хяналтын түвшинтэй харьцуулж үзнэ. Улс орнууд түүхэн өгөгдөлд тусгагдаагүй шинэ нөхцөл байдлыг тооцох, жишээлбэл мөргөлдөөн зогссон, эсвэл эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ эрс нэмэгдсэн гэх зэрэг өөрчлөлтийг хяналтын түвшиндээ тусгаж ойн хяналтын түвшиндээ өөрчлөлт хийж болно. Ойн хяналтын түвшнийг тогтмол ( 5-10 жил тутамд) шинэчлэн тогтооно гэж үзэж байгаа ба чиг хандлагын өөрчлөлийг тусгах, шинэ аргачлал, өгөгдөл мэдээлэл бий болсонтой холбогдуулан үүнийг хийнэ.

REDD+ хөтөлбөрийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцийн дагуу хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахтай холбоотой гурван гол үйл ажиллагаа юм. Үүнд:

  • Хэмжилт гэж хүлэмжийн хий ялгаралтын хэмжээг тодорхойлохыг хэлнэ. REDD+ хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн хий ялгарлыг хэмжих нь гурван үндсэн хэсгээс бүрдэнэ, үүнд: (1) хиймэл дагуулаас газрын хяналт хийх систем (SLMS); (2) үндэсний ойн тооллого (NFI); (3) үндэсний хүлэмжийн хийн тооллого.
  • Тайлагнал гэж тайлангийн хугацааны хүлэмжийн хийн ялгаралтын тухай мэдээллийг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцэд хүргүүлэхийг хэлнэ.
  • Баталгаажуулалт хүлэмжийн хий ялгаруулалтын талаар Конвенцэд хүргүүлсэн мэдээллийг бие даасан үнэлгээгээр баталгаажуулахыг хэлнэ. Үүнд олон улсын ба олон нийтийн шалгалтад зориулсан хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тооцооны үр дүн, арга аргачлал, ашигласан өгөгдөл мэдээлэл багтана.

Нэг талаас REDD+ хөтөлбөрийн үр дүн ньуур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт, бусад хүчин зүйлд дасан зохицох явдал учраас үр шимийг хүн бүхэн хүртэнэ. Нөгөөтээгүүр зарим бүлгүүд REDD+ хөтөлбөр хэрэгжсэнээр шууд үр шимийг илүүтэй хүртэнэ.

REDD+ хөтөлбөрийн зарим бодлого, арга хэмжээ, жишээлбэл хамгаалалттай газрыг шинээр байгуулах, ойн хуулийн хэрэгжилтийг чангатгах зэрэгт хүлээгдсэн үр дүнг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт байхад л болчихно. Бусад зарим арга хэмжээнд оролцогч талуудын зан үйлийг өөрчлөх шаардлагатай тул үр дүнтэй байхын тулд эерэг урамшуулал шаардлагатай. Үүний тод жишээ бол хөдөөгийн бага орлоготой иргэд өөр орлогын үүсвэргүйн улмаас тогтворгүй байдлаар ой ашигладаг явдал юм. Байгаль орчны тогтвортой зан үйлийг дэмжихдээ үндэсний REDD+ хөтөлбөр мөнгөн урамшил олгох, эсвэл нийгэм эдийн засгийн хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулж болох юм. Ингэснээр хөдөөгийн орлого багатай иргэд REDD+ хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын шууд үр шимийг хүртэх, үндэсний REDD+ стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд шууд үр шимийг хүртэгчид нь ямар бүлгүүд байх, тэдгээрт үр шимийг хэрхэн хүргэхийг шийдвэрлэх шаардлагатай.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцээс 2010 онд (Канкуны гэрээ) улс орнууд REDD+ хөтөлбөр хэрэгжүүлэхдээ нийгэм, байгаль орчны хэд хэдэн баталгааг дэмжих хэрэгтэй гэж шийдвэрлэсэн. Үүнд: (1) REDD+ хөтөлбөрийн үйл ажиллагаа нь ойн тухай үндэсний хууль тогтоомж, холбогдох олон улсын гэрээ хэлэлцээрт нийцэж байх; (2) засаглалын бүтцүүд үндэсний хууль тогтоомж, бүрэн эрхт байдлын хүрээнд ил тод, үр ашигтай байх; (3) орон нутгийн хүн амын мэдлэг, эрхийг хүндэтгэх; (4) холбогдох талуудын үр ашигтай оролцоог бүрэн хангах; (5) байгалийн ой, биологийн олон янз байдлын хамгааллыг хангаж, байгалийн ойг тариалан хийгээд газар ашиглалтын бусад хэлбэрт шилжүүлэхээс татгалзах; (6) үйл ажиллагааны үр дүн ухрахаас сэргийлэх арга хэмжээ төлөвлөх; (7) хүлэмжийн хийн ялгаралтын хүчин зүйл нь тухайн хэрэгжсэн хэсэгт багасах ч  өөр нутаг дэвсгэрт шилжихээс сэргийлэх.

Эхний алхам нь ойн хяналтын түвшин тодорхойлж, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай конвенцээр батлуулах юм (Асуулт 9). Бие даасан мэргэжилтнүүдийн зөвлөл хэлэлцэж батална. Ойн хяналтын түвшнийг хэн бүхэн шалгаж болохоор олон нийтэд хүртээлтэй болгох үүднээс Конвенцийн вэб талбарт байршуулна. Улс орон үр дүнд суурилсан төлбөр нэхэмжлэх шатанд хүрэх үестээ хүлэмжийн хий ялгаралтыг бууруулсан үр дүнгээ Конвенцэд хүргүүлнэ. Эдгээр ба холбогдох бүх баримт мэдээлэл, тэдгээрийн дотор тооцоолол хийсэн аргачлал, ашигласан өгөгдөл мэдээллийг техник дүн шинжилгээгээр оруулж хүлэмжийн хийн бууралтын тооцоог хянан үзнэ. Бүх мэдээллийг Конвенцийн вэб талбарт олон нийтэд ил тод байршуулна.

Үндэсний ойн мониторингийн тогтолцоо бол хүлэмжийн хий ялгарлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний ахиц дэвшлийг хэмжих, ил тод мэдээлэхэд шаардлагатай байгууллагын бүтэц, өгөгдөл цуглуулах, шинжлэх, түгээх журам, үйл ажиллагаа юм. Үндэсний ойн мониторингийн тогтолцоонд үндэсний ойн тооллого, хүлэмжийн хийн тооллого зэрэг үйл ажиллагаа хамрагдах ба мөн хиймэл дагуулаас хийх газрын ажиглалтын давуу талыг ашиглах юм. Үндэсний ойн мониторингийн тогтолцоо нь Конвенцэд хүргэх хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын суурь болно. Хэмжилт нь үндэсний ойн мониторингийн тогтолцооны хүрээнд хийгдэх тооллогуудад тулгуурлана; тайлагналт нь үндэсний ойн мониторингийн тогтолцооны мэдээллийн санд түшиглэнэ; баталгаажуулалт нь үр дүнг бие даасан байдлаар бүрдүүлэх үүднээс тайлан ба үндэсний ойн мониторингийн тогтолцооны өгөгдөлд тулгуурлана.

Үндэсний хүлэмжийн хийн тооллогонь эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, хог хаягдал, ХААОААГА (хөдөө аж ахуй, ойн аж ахуй, газар ашиглалтын бусад чиглэл) гэсэн 5 үндсэн салбарын хүлэмжийн ялгаруулалтын тооцоо юм.

REDD+ хөтөлбөрийн хүрээнд ойг хамгаалах, зохистой удирдлага хэрэгжүүлснээр амьжиргааны зорилгоор ой ашигладаг хөдөөгийн хүн ам, газар өмчлөгчид олон янзын үр шимийг хүртэх юм. Ой  Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг ба энэхүү үйл явцын салшгүй хэсэг болдог билээ. Улс оронд REDD+ хөтөлбөр эхлүүлэх явцад үр шимийг хуваарилах зохистой механизм бүрдүүлэх нь хэрэгжилт, түгээлтийн механизмын талаар шийдвэр гаргах үеийн нэгэн чухал алхам байна. REDD+ хөтөлбөрийн урамшлыг төлөвлөх явцдаа холбогдох талууд, ялангуяа REDD+ хөтөлбөртэй холбоотой шийдвэрүүдийн үр дагаварт өртөх бүлгүүдийн эрх, эрх ашгийг хүндэтгэж, анхааран тооцох хэрэгтэй болно.

Монгол Улс 2013 онд REDD+ хөтөлбөрт бэлтгэх замын зураг боловсруулсан ба эдүгээ REDD+ хөтөлбөрийн үндсэн дөрвөн бүрдэл хэсгийг бүрдүүлэх ажил хийж, тэдгээрийн дотор шаардлагатай чадавхыг бэхжүүлж, түүндээ холбогдох талуудыг оролцуулж байна. Дөрвөн үндсэн хэсэг нь: (1) REDD+ хөтөлбөрийн стратеги буюу үйл ажиллагааны төлөвлөгөө, (2) ойн (хүлэмжийн хий ялгаруулалтын) хяналтын түвшин, (3) үндэсний ойн мониторингийн тогтолцоо, (4) урьдчилан сэргийллийн мэдээллийн үүсвэр болох тогтолцоо юм. Монгол Улс дахь REDD+ хөтөлбөр эхэн шатандаа яваа бөгөөд 2018 оны эцсээр REDD+ хөтөлбөрийн бэлтгэл хангагдана гэж үзэж байна